“Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийн сургалтад хамрагдсан эрдэмтэн, судлаач, багш нар сертификат гардан авлаа
t_bindee@yahoo.com

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд  Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Канад улсын Бритыш Колумбын их сургуулийн Норман Б.Кеевлийн Уул уурхайн институт хамтран Монгол улсын их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаач багш нарт мэргэжил дундын сургалтын цогц хөтөлбөрийн концепцыг эзэмшүүлэх зорилготой “Ашигт малтмалын салбарын сургалтын цогц хөтөлбөр” төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Тус төслийн хүрээнд их, дээд сургуулийн багш нарт зориулсан “Ашигт малтмалын технологийн цогц боловсролын сургалт” зохион байгуулах, “Уул уурхайн ашиглалтын технологи” бакалаврын сургалтын хөтөлбөр, “Ашигт малтмалын баяжуулалтын технологи” магистр, докторын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх зорилготой ажилласан.

“Ашигт малтмалын технологийн цогц боловсролын сургалт” зохион байгуулах сургалтыг Канад улсын Бритыш Колумбын их сургуулийн багш нар онлайн, практик хосолсон хэлбэрээр явуулж, Монгол улсын томоохон уул уурхайн үйлдвэрүүдийн орчинд сонирхогч талуудтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Өнөөдөр тус төслийн хүрээнд  “Уул уурхайн систем”, “Уул уурхайн эдийн засаг, тогтвортой хөгжил”,  “Ашигт малтмалын салбарын засаглал” гэсэн 3 модуль сургалтад амжилттай хамрагдсан Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Монголыг үндэсний их сургууль, Газарчин дээд сургуулийн эрдэмтэн, судлаач багш нарт сертификат гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Модуль сургалтын сертификат гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, төсөл хэрэгжүүлэх нэгж, холбогдох албаны төлөөлөгчид, эрдэмтэн судлаач нар оролцлоо.