ГУУС-ийн оюутнууд Эрдэнэтийн “Нефть боловсруулах үйлдвэр”-тэй танилцаад ирлээ.
binderya@must.edu.mn

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын оюутнууд Эрдэнэт хотын “Нефть боловсруулах үйлдвэр”-тэй танилцаад ирлээ.

2022 оны 11-р сарын 03-05-ны өдрүүдэд  ГТӨС-ын “Газрын тосны инженерчлэл” хөтөлбөрийн 3-р дамжааны 23 оюутан салбарын эрхлэгч М.Оюунтөгс, профессор С.Гантөмөр, дэд профессор В.Алимаа, ХШУС-ийн ХИС-ын профессор Д.Хандмаа нарын хамт “Газрын тос, бүтээгдэхүүний төхөөрөмж ба байгууламжийн технологийн процессын автоматжуулалт”, “Газрын тос, бүтээгдэхүүний стандарт, гэрчилгээжүүлэлт, “ Газрын тос, бүтээгдэхүүний байгууламжууд, угсралт” бакалаврын хөтөлбөрийн хичээлүүдээр олж авсан онолын мэдлэгээ бататгах, практикийн хичээлийг үйлдвэрлэлд хийх зорилгоор  Эрдэнэт хотын “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. 

“Газрын тосны инженерчлэл” хөтөлбөрийн багш, оюутнууд үйлдвэрийн удирдлага, ИТА-ын хамт

“Нефть боловсруулах үйлдвэр”-ийн удирдлагууд багш, оюутнуудыг хүлээн авч үйлдвэрийн өнөөгийн байдал, 2023 онд хийхээр төлөвлөсөн өргөтгөлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, ХАБЭА-н зааварчилгаа өгснөөр үйлдвэрийн түүхий эдийг нэрэх, хадгалах, ачих, буулгах төхөөрөмжүүд, насосны станц, үйлдвэрийн удирдлагын автомат систем, лабораторитой танилцаж, ИТА-тай харилцан ярилцлага хийлээ.

Энэхүү “Нефть боловсруулах үйлдвэр” нь жилдээ 50000 тонн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар өвлийн дизелийн түлшийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Дэд профессор В.Алимаагийн гарт үйлдвэрийн түүхий эд, салбарын эрхлэгч М.Оюунтөгсийн гарт үйлдвэрийн бүтээгдэхүүн байна.

Үйлдвэрийн удирдлагуудтай санал солилцож дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

  • “ЛЕКС ОЙЛ” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах,
  • 2023 онд үйлдвэрийн өргөтгөлийн ажилд “Газрын тосны инженерчлэл”, “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” бакалаврын хөтөлбөрүүдийн оюутнууд сургалтын ба үйлдвэрлэлийн дадлага хийх,
  • Оюутнуудын бакалаврын төгсөлтийн ажлыг үйлдвэрийн үйл ажиллагааны зарим асуудлуудыг шийдэх байдлаар хийлгэх,
  • Судалгаа, шинжилгээний ажил хамтарч хийх.

Энэ өдрүүдэд багш, оюутнууд “Нефть боловсруулах үйлдвэрийн”-ийн дэргэд байрлалтай “Шунхлай групп” ХХК-ийн Эрдэнэт хот дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахын үйл ажиллагаатай мөн танилцлаа.

 

ГУУС, Газрын тос, өрөмдлөгийн салбар