"Эрдэм шинжилгээ, инновацын нээлттэй өдөрлөг" зохион байгуулагдлаа
binderya@must.edu.mn
Шинжлэх ухаанд итгэе уриан дор "Эрдэм шинжилгээ, инновацын нээлттэй өдөрлөг" зохион байгуулагдлаа

Монгол улс жилийн бүрийн 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногийг шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-үүд болгон тэмдэглэдэг. Тус үйл ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газраас "Шинжлэх ухаанд итгэе" уриа дэвшүүлэн "ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын Нээлттэй өдөрлөг"-ийг 11 сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаа:

  • Шилдэг бүтээл шалгаруулах "2IP-2023" уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа
  • Их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагааны ололт, амжилтын тухай танилцуулга
  • Шилдэг судлаач, зохион бүтээгчдийн илтгэл
  • Салбар нэгжийн эрдэм шинжилгээ, инновацын бүтээлийн үзэсгэлэн
  • Төгсөгчдөд докторын зэргийн диплом гардуулалт зэрэг өргөн хүрээнд боллоо.

Тус арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны яам-ны ШУТБИХЗГ-ын дарга доктор, дэд профессор Д.Баттогтох, Шинжлэх Ухаан, Технологийн Сан-гийн захирал доктор Д.Одгэрэл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлагын бүрэлдэхүүн болон шилдэг судлаач, эрдэмтэн багш нар, аж ахуй нэгж, бизнесийн байгууллагууд оролцлоо. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал доктор, профессор Д.Цолмонбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Шинжлэх ухаан, технологийн их сургууль цаашид "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн хүрээнд эрдэм судлал, инновацын ажлаа дүгнэж, танилцуулах арга хэмжээ зохион байгуулж байх тухайгаа дурьдан арга хэмжээнд оролцогч зочид, нийт эрдмийн хамт олондоо "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн баярын мэнд дэвшүүлж, их сургуулийн өнгөрсөн хичээлийн жилийн ололт, амжилтаас танилцуулав.

Арга хэмжээний үеэр ШУТИС-ийн багш, судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах "2IP-2023" уралдааны шилдэг бүтээлүүдэд "Research Excellence" медаль болон мөнгөн шагнал олгов. Нээлттэй өдөрлөгт ШУТИС-ийн харьяа хүрээлэн, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, шилдэг бүтээл болон гарааны компанийн төслийн танилцуулга үзэсгэлэнд тавигдлаа. Мөн докторын зэргээ амжилттай хамгаалсан 10 төгсөгчдөд диплом гардуулсны зэрэгцээ аж үйлдвэр бизнесийн байгууллагатай сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хамтын ажиллагаа өрнүүлэх хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан зэрэг өргөн хүрээнд "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

 

 

Та бүхэнд "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн мэнд хүргэж эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөе !

#ШинжлэхУхаандИтгэе #buildingtrustinscience

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газар