АМЕРИКИЙН ЮТАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР БАГШ, ОЮУТНУУДЫН
ТӨЛӨӨЛӨЛ ГУУС-ИЙН УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ЗОЧИЛЛОО.
2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирал, 4-р сарын 16-ний өдөр Проф.Pratt Rogers.W ахлуулсан Америкийн Ютагийн их сургуулийн Уул уурхай & Геологийн тэнхимийн профессор багш (2), оюутнууд (7: бакалаврын 5, ахисан түвшний 2) ГУУС-ийн Уурхайн технологийн салбарт зочиллоо (Зураг-1). 2013 онд ШУТИС болон Америкийн Ютагийн их сургуулиуд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан ба уг санамж бичгийн хүрээнд оюутан солилцоо; оюутны сургалт, судалгаа; профессор багшийн судалгааны ажлыг дэмжих; хамтарсан судалгааны баг байгуулан олон улсын сургалт судалгааны төслүүдэд оролцох; профессор багш нарын мэргэжил дээшлүүлэх; туршлага солилцох; зэрэг ажлуудыг хийхээр тусгагдсан байдаг.
Зураг-1. ГУУС-ийн УТС, Америкийн Юта их сургуулийн профессор багш нар оюутнуудын хамтаар
УТС-ын зүгээс machine learning, big data investigation, digital mining, mineral processing block caving methodology зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, богино хугацааны болон онлайн сургалт, семинар явуулах зэрэг саналыг мөн тавилаа. Тус үйл ажиллагааг Уурхайн технологийн салбарын профессор багш, оюутнууд уламжлалт аргаас зайлсхийн тусгайлан хөтөлбөр гаргаж, оюутан нь оюутантайгаа; профессор багш нь профессор багштайгаа ярилцах, санал бодлоо солилцох, туршлагаа хуваалцах, шинэ санаа дэвшүүлэх, өөрсдийн хийсэн судалгааны ажлын үр дүн, программ хангамж дээр ажиллах чадвар, үр дүнгийн тайлалт хийх, танилцуулах зэргээр чөлөөтэй хэлбэрээр явуулсан байна (Зураг – 2,3). Түүнчлэн оюутнуудын дунд нэг Монгол оюутан хамт ирсэн бөгөөд тэрээр Уул уурхайн инженерийн мэргэжлээр суралцаж байгаа нэгэн, Монголын ирээдүйд нэн хэрэгтэй уул уурхайн инженер мэргэжилтний тоог гадаадын өндөр хөгжилтэй улсад суралцаж төгссөн мэргэжилтний тоог нэгээр нэмж байгаад бид мөн бахархаж байлаа.
Зураг–2. ГУУС-ийн УТС-ын оюутнууд болон Америкийн Юта их сургуулийн оюутнууд
Yйл ажиллагааны үеэр ГУУС-ийн орчин үеийн багаж тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон зарим сургалт, судалгааны лабораториуд, Монголын эрдэс баялгийн музейг мөн танилцууллаа. Америкийн Ютагийн их сургуулийн профессор багш нар манай салбарын оюутнуудын төлөөллөөр оролцсон 12 оюутнуудын (Уул уурхайн ашиглалт, Уул уурхайн геотехник, Уул уурхайн маркшейдер, Уул уурхайн менежмент) мэргэжлийн мэдлэг, англи хэлний мэдлэгийг өндрөөр үнэлж байлаа.
Зураг – 3. ГУУС-ийн УТС-ын Уул уурхайн геотехникийн сургалт, судалгааны лаборатори
Энэхүү 2 сургуулийн хамтын ажиллагааг сэргээх, үйл ажиллагааг эрчимжүүлсэн ач холбогдолтой уулзалт болж амжилттай өндөрлөлөө. Хамтын ажиллагаатай Америкийн Ютагийн их сургуулийн профессор багш нар болон оюутнууддаа амжилт хүсэн, дахин уулзахын ерөөлтэйгөөр үдсэн билээ.
ГУУС, Уурхайн технологийн салбар