“Боловсролын тэргүүний ажилтан”цол тэмдгээр шагнагдав.
ganbii

ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарын ахлах багш, доктор, Зөвлөх инженер А.Баасанжаргал Монгол улсын “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсаныг БШУЯ-ны сайд Л.Гантөмөр өөрөө биечлэн гардуулж өгөв.

Багш А.Баасанжаргал нь зах зээлийн шилжилтийн ороо бусгаа, эдийн засгийн хямралтай үед эх орны хэрэгцээ шаардлагаар нээгдсэн газрын тосны инженерийн мэргэжлийг эх оронд эзэмшиж, баклавр, магистр, докторын зэргийг дотооддоо өөрийн оронд, төрөлх сургуульдаа шат дараатай, амжилттай хамгаалсан бөгөөд 2001 онд шинээр нээгдсэн “Хийн дамжуулалт, хангамж” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, энэ мэргэжлийн хичээлүүдийг заах, сургалт-судалгааны баазыг бэхжүүлэх, ном, сурах бичиг гарын авлагыг бичих, хэвлүүлэх талаар ихээхэн идэвх чармайлт гаргаж, үр дүнтэй ажиллаж ирсэн юм.

Тэрээр мэргэжлийн профессорын удирдлагаар бусад багш эрдэмтэдтэй хамтран “Шингэрүүлсэн шатдаг хийг автомашин, ахуй, үйлдвэр үйлчилгээнд хэрэглэх ТЭЗҮ” сэдэвт улсын захиалга, төсөвт эрдэм шинжилгээний ажилд хариуцлагатай гүйцэтгэгчээр оролцож, тайланг хүлээлгэн өгч, газрын тос-хийн түлшийг газрын дор цэвдэг хурдаст хадгалах онол-арга зүйн асуудлаар судалгаа явуулж, доктор (PhD)-ын зэргийг амжилттай хамгаалсан нэгэн.

Ахлах багш, доктор А.Баасанжаргал нь сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, мэргэжлээ сурталчлах, мэргэжлийн мэдээлэл, сурталчилгааг түгээх талаар ихээхэн анхаарч ажилладаг, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг (МГТИН) төрийн бус мэргэжлийн байгууллагын нарийн бичгийн даргаар ажилладаг болно.

Эрхэм багш, эрдэмтэн судлаач Таны цаашдын сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх их үйлст улам их амжилт хүсье.

  

Cалбарын сайдаас “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг гардан авах баярт мөч

  

Профессор Ж.Цэвээнжав хамт олноо төлөөлж шагнал гардуулах ёслолд оролцож, өөрийн шавь, эрдэмтэн багшдаа баяр хүргэе