ЭМГЭНЭЛ Лхамсүрэнгийн Дүгэржав (1958-2022) |
|
Шинжлэх ухааны доктор (ScD), профессор, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин, дипломат, Туйл судлаач Борлууд овгийн Лхамсүрэнгийн Дүгэржав 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө. Лхамсүрэн овогтой Дүгэржав 1958 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1976 онд Увс аймгийн арван жилийн сургууль төгсөөд Болгар улсын Софи хотын Уул-Геологийн дээд сургуулийг “Газрын тосны өрөмдлөг, олборлолтын инженер-технологи” мэргэжлээр төгссөн. 1991 онд Софи хотын Уурхай-Геологийн дээд сургуульд “Цэвдгийн доорхи усны хайгуулын технологийг боловсронгуй болгох нь” сэдвээр техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 2000 оноос Болгар улсын шинжлэх ухааны академид судалгааны ажил хийж “Монгол улсын бүсчилсэн хөгжилд эрдэс баялгийн салбарын гүйцэтгэх үүрэг” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Профессор цолтой. 2015 онд Болгарт болсон Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн 58-р хурлын үеэр Болгарын Иван Рильскийн нэрэмжит Уурхай, Геологийн сургуулийн “Хүндэт доктор” цол хүртсэн. Профессор Л.Дүгэржав ажиллах хугацаандаа 20 гаруй ном, сурах бичиг, товхимол, 60 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, 10 баримтат кино, 15 үйлдвэрлэлд шилжүүлсэн эрдэм шинжилгээний тайлан, 10 шинэ бүтээлийн патент, 11 хүний докторын зэрэг горилох бүтээлийг засамжилж, удирдаж, зөвлөж хамгаалуулсан. Антарктидын уур амьсгалын өөрчлөлтүүд, Олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд орж ажилласан тухай Болгар улсын болон Монгол улсын МҮОНРТ, ҮНДЭСНИЙ TV, TV-5, EAGLE TV-ийн нэвтрүүлгүүдэд тогтмол оролцохын зэрэгцээ Болгарын Шинжлэх Ухааны Академийн Байгалийн түүхийн музей бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудад Антарктид судлалын талаар ярилцлага өгч, МУ-ын ЗГ-ын Яам, газар, агентлаг, хүрээлэнгүүдтэй “Монгол орны хөгжлийн стратегид эрдэс баялгийн салбар”-ын талаар санал солилцож мэдлэг туршлагаасаа хуваалцаж ирсэн. 1982-1986 онуудад Таван толгой, Цайдам нуур, Төгрөг нуурын нүүрсний, Өргөний жоншны ордын хайгуулд инженер-технологичоор ажилласан. 1986-1992 онуудад ШУТИС (тэр үеийн Политехникийн дээд сургууль)-д багшилсан. 1991 оноос ШУТИС-д Газрын тосны инженерийн салбарыг нөхдийн хамтаар нээсэн. 1992-1996 онуудад Газрын тосны газрын ерөнхий инженерээр ажиллаж, Дорнодын 19-р талбайн анхны цооногуудыг өрөмдүүлэх ажлыг зохион байгуулсан. 1996-2000 онуудад Монгол улсын засгийн газрын Геологи, уул уурхайн салбарын бодлого, зохицуулалтын асуудлыг хариуцан ажилласан. 2004-2008 онуудад Төгрөг нуурын нүүрсний ордын хайгуул олборлолт, ашиглалт, боловсруулалт дээр ажиллаж, Монгол улсад хүрэн нүүрсийг иж бүрэн боловсруулах технологийн үндсийг үйлдвэрлэл, туршилт-судалгааны шатанд боловсруулж, нэвтрүүлсэн. 2005 онд “Монголын Антарктидын нийгэмлэг” ТББ нөхдийн хамт байгуулсан. 2008 оноос ШУТИС-ийн Газрын тосны салбарт профессороор ажиллахын зэрэгцээ Болгарын Антарктид судлалын олон улсын 17, 19, 20, 21, 27, 28 дугаар экспедицийн бүрэлдэхүүнд 6 удаа оролцсон. 2013 оны 01 дүгээр сарын 08-нд Олон улсын судлаачдын хамтаар Өмнөд туйлын “00” цэг буюу S90° хөл тавьж Монгол улсын төрийн далбааг мандуулсан анхны Монгол хүн юм. 2013 онд Антарктид тив дэх нэгэн нэргүй оргилыг “Дүгэржавын оргил” (Dugerjav peak) хэмээн нэрлэж 2013оны 02 дугаар сарын 27-нд батламжийг гардуулсан. 2013 – 2017 онуудад Монгол улсаас Бүгд Найрамдах Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан. 2017 онд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.ДҮГЭРЖАВ-Д “ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ДИПЛОМАТ ДЭЭД ЭЛЧИН ЦОЛ” олгосон. 2017 оны 9-р сараас үргэлжлүүлэн ШУТИС-ийн ГУУС-д профессор багш, Антарктид судлалын төвийн захирлаар ажилласан. Л.Дүгэржав нь1999 онд МУ-ын Сангийн яамны “Санхүү-банкны” тэргүүний ажилтан, Монголын Ардчилсан Холбооны “Ардчилалын од”, 2004 онд “Эрх чөлөөний одон”, 2008 онд Монгол улсын Шинжлэх ухааны салбар “Шилдэг хүн”, 2009 онд Монголын Ардчилсан Холбоо “Ардчилсан хувьсгал 20 жилийн ойн медаль”, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгийн газар “Алтан гадас”, 2012 онд Эрдэс баялаг эрчим хүчний яам “Уул уурхайн салбарын 90 жилийн ойн медаль”, 2016 онд Болгар улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Болгар улсын “Мадарски Конник” 1-р зэргийн одон, 2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ”Онц бөгөөд бүрэн эрхт элчин дипломат дээд цол”, 2018 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”зэргээр шагнагдаж ирсэн. 2022 онд XXI зууны алдартнуудыг оролцуулсан “Зууны хүн” буюу 12 алдартны нэг болсон. Эрхэм багш, Элчин сайд, Эрдэмтэн доктор, Туйл судлаач Борлууд овгийн Лхамсүрэнгийн Дүгэржав Эх орон, Эрдэм оюуны их сургууль, Эрдэс баялгийн салбар, Өрөмдлөг, Газрын тосны мэргэжлийн холбоодууд, байгууллагуудад нөхөж боломгүй хүнд гарз тохиолоо. Таны гэгээн дурсгал бид бүхний сэтгэл зүрхэнд мөнхөд оршино. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, найз нөхөд,
шавь нарт гүн эмгэнэл илэрхийлье.
Ум ма ни бад мэ хум
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН САЛБАРЫН ХАМТ ОЛОН
|
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох, сунгах сургалтанд урьж байна
Багшлах эрх олгох сургалт удахгүй явагдана.
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна.
Сурган зүйн боловсрол олгох Багшлах эрхийн сургалтын “Бямба”-ын анги бүртгэл явагдаж байна
Эрдэм шинжилгээний хурлын зарлал, мэдээлэл