Мэндчилгээ

        Эрдэс баялгийн салбарын дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн эх орондоо бэлтгэх зорилгоор 1960 онд МУИС-ийн Газар зүйн салбарын оюутнуудыг түшиглэн Геологийн салбар байгуулснаар ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН түүх эхэлж өнөөг хүртэл нийт 9800 орчим мэргэжилтэн бэлтгэгдэж геологи, уул уурхай, газрын тос, геодезийн болон бусад салбарт манлайлан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол улсдаа тэргүүлэх геологи, уул уурхай, геодезийн сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн томоохон төв болон хөгжиж байна. Тус сургуульд бэлтгэгдсэн инженерүүд геологи, уул уурхай, геодезийн салбарын бүхий л чиглэлийн мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын  зэргийн сургалтаар төгсөн гарч, улс орныхоо хөгжлийн өнгийг тодорхойлж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваад профессор, эрдэмтэн багш нар сэтгэл хангалуун байдаг. Геологи, уул уурхайн сургуулийн профессор багш, ажилтнууд ШУТИС-ийн эрхэм зорилго, зорилтын хангахуйц, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачид бэлтгэх, мэдлэг инновацид суурилсан судалгаа-үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

       Бид зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, инновацид тулгуурласан оюуны бүтээлийг дэмжих замаар улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай инженерүүдийг бэлтгэх, сургалт болон үйлдвэрлэлд шинэ технологи дамжуулах шинжлэх ухааны үр ашигтай, тогтвортой үйлчилгээг хангаж ажиллах болно. 

        Инженер, технологийн олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, шинжлэх ухаан, шинэ технологийг дэмжих, бий болгох тал дээр хамтран ажиллаж хамтдаа хөгжүүлцгээе. Төрөлх сургуулиа хөгжүүлж, судалгаа шинжилгээ, сургалт үйлдвэрлэл, инновацид суурилсан нээлттэй их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа нийт профессор багш, ажилтан ажиллагсад болон оюутнууддаа амжилт хүсье.

Эрдэм номын үйлс тань дэлгэрэх болтугай.

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал  К.Хавалболот