“ОРОН НУТАГТ ШИНЖЛЭХ, УХААН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ НУТАГШУУЛЪЯ" аян
t_bindee@yahoo.com

 ОРОН НУТАГТ ШИНЖЛЭХ, УХААН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ НУТАГШУУЛЪЯ" аян

2022 оны 4-р сарын 25-26 ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод БШУЯ, ШУТСангийн хамтран зохион байгуулсан “ОРОН НУТАГТ ШИНЖЛЭХ, УХААН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ НУТАГШУУЛЪЯ" аяны хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг орон нутагт ашиглах зорилгод чиглэгдсэн тус аян амжилттай зохион байгуулагдлаа. Тус аяны хүрээнд төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил-орон нутгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжин тэлэх, дэмжиж ажиллах гүүрийг бий болгосон чухал уулзалт байлаа.

Нийт 50 гаруй байгууллагын 220 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн нийтэд дэлгэгдсэн, танилцуулсан  томоохон хөтөлбөрт арга хэмжээ билээ. Энэхүү үйл ажиллагаа нь Эрдэм шинжилгээний хурал, Инновациийн үзэсгэлэн, сургалтын арга хэмжээ гэсэн чиглэлээр зохион байгуулагдсан байна.

Арга хэмжээнд ШУТИС-ийг төлөөлөн Геологи, Уул Уурхайн Сургууль, Үйлдвэрлэл Технологийн Сургууль болон ШУТИС-ийн харьяа Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн: Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Ой мод сургалт судалгааны хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэл, экологийн хүрээлэн зэрэг нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр 4 илтгэл, 5 бүтээлээр амжилттай оролцлоо.

Мөн арга хэмжээний үеэр Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдэд болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн ажиллагсдад судалгааны ажлын чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, лекц унших зэрэг ажлууд хийгдсэн билээ.

Энэхүү арга хэмжээний үеэр ШУТИС-ийн танилцуулга, элсэлтийн талаарх мэдээллийг Хөвсгөл аймгийн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулдаг 5 сургууль дээр очиж, сурагч багш, эцэг эхтэй уулзалт зохион байгуулсан байна.

                                                                                                           ГУУС-ийн ЭША