Газрын тос (Oil & Gas)-2022 сэдэвт олон улсын 28-р хурал болов
binderya@must.edu.mn

Газрын тос (Oil & Gas)-2022 сэдэвт олон улсын 28-р хурал болов

            Тэртээ 1995 оноос, эх орондоо Газрын тосны инженерүүдийг бэлтгэн гаргаж эхэлсэн тэр цагаас жил бүр уламжлал болон тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн ГАЗРЫН ТОС (OIL & GAS) сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурал энэ онд найман аравныг түүчээлсэн, нэмээд нэг жил буюу эх орны  газрын тосны түүхэн хөгжлийн 81 жилийн ой, Газрын тосны салбарын ажиллагсадын өдөрт зориулж анхнаасаа 28 дахь удаа, гэхдээ анх удаа хөдөө орон нутагт, газрын тосны хамгийн их баталгаат нөөцтэй, нар тоссон зүүн бүс-Дорнод нутагт болов.Уг хуралд УУХҮЯ, АМГТГ, ШУТИС, ДИС, Дорнод Хэнтий Сүхбаатар аймгуудын ЗДТГ, МГТИН-ээс мэндчилгээ ирүүлэв. 

      Салбарын Яам, Агентлаг, аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, МГТИН, МУӨХ зэрэг газрын тос, өрөмдлөгийн мэргэжлийн ТББ-тай хамтран ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос-Өрөмдлөгийн салбар, ДИС-иас хамтран зохион байгуулсан  энэхүү хуралд танхимаар-14, цахимаар-41, нийт 60 шахам илтгэл хэлэлцэж, асуулт хариулт өргөн хүрээтэй явагдав. 

 

 

Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд нь:

            1.Бүс нутгийн газрын тосны мэргэжлийн хүний нөөцийн сургалт, ажил эрхлэлтийн, 

            2. Газрын тосны геологи-геофизик-өрөмдлөгийн,

            3. Газрын тосны шинж чанар-боловсруулалтын,

            4. Нүүрс боловсруулалт, нүүрсний давхаргын метан хийн

            5. Газрын тосны бүтээгдэхүүний оношлогоо, ашиглалт

            6. Газрын тосны салбарын хууль эрх зүй, гэрээ хэлэлцээрийн зэрэг чиглэлүүдээр байв.

        Хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг ШУТИС-ийн ГУУС, ГТӨС, МГТИН-ийн хамтын харъяаллын ГТССМТ-өөс эрхлэн 200ш хэвлэж тараав. Хуралд тавигдсан илтгэлүүдээс Эдийн засаг, хөгжлийн яамны доктор Х.Эрдэнэбулган, доктор Б.Болор нарын “Газрын тосны хэлэцээрийн үед Засгийн газраас анхаарах гол асуудлууд” сэдэвт илтгэл тэргүүн байр,  олон улсын “Жи Өү Эйч” ХХК-ны Зөвлөх, доктор О.Ариун-оргил, менежер Б.Ачитсан нарын “Нүүрсний давхаргын метан хийн цооногийн туршилтын ажил” (Өмнөговийн Номгон-IX талбайн жишээгээр) илтгэл дэд байр, ШУА-ын ХХТХ-ийн доктор Б.Хулан, Б.Хонгорзул, Б.Өлзий, Б.Мягмаргэрэл, Б.Ганцэцэг, М.Туяа нарын бэлтгэсэн “Монгол орны газрын тосны хими-технологийн судалгааны дүнгээс” илтгэл гутгаар байранд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Мөн ДИС, ШУТИС, Дорнодын Политехник коллежоос бэлтгэсэн Газрын тосны мэргэжилтнүүдийг Зүүн бүс нутагт бэлтгэсэн замнал, өнөөгийн байдал, цаашдын төлөв хандлагын талаар бэлтгэгдсэн тэргүүн илтгэл ихээхэн сонирхолтой бөгөөд анхаарагдаж байв.

Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүд, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн дараах санал зөвлөмжүүдийг гаргаж бана. Үүнд:

  1. Инженер-технологийн, түүний дотор, газрын тос, уул уурхайн мэргэжлийн хүний нөөцийг бүс нутагт нь шаталсан сургалтаар бэлтгэх, бүс нутагт нь ажил эрхлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нь нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
  2. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, нийгэм-эдийн засагт чухал ач холбогдолтой Газрын тосны бүтээгдэхүүний, нэн ялангуяа, “баялаг бүтээгч” дизелийн түлш зэрэг бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг түүхий эдийн нөөцтэй, дэд бүтэцтэй, хэрэглээ өндөртэй газруудад нэн яаралтай эхлүүлэх шаардлагатайг зөвлөмж болгож байна. 
  3. Эх орны Газрын тосны баталгаат нөөцийн 98%, нөөцийн өсөлт тогтоогдох магадлал хамгийн өндөртэй Зүүн бүс нутагт газрын тосны хайгуулыг нэмэгдүүлэх, олборлолтыг эрчимжүүлэх талаар төр засгийн болон, бүс нутгийн төрийн захиргаа, бизнесийн байгууллагууд онцгойлон анхаарах шаардлагатай болно.
  4. Газрын тосны хайгуул-олборлолт, тээвэрлэлт-боловсруулалт-бүтээгдэхүүний үйлдвэрлэл, байгаль орчны нөхөн сэргээлтйн үйл аижллагаанд үндэсний мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүс, ажиллагсадын оролцоог хуульчилж, БХГ-г Гэрээлэгчдээс Засгийн Газартай, түүний төлөөлөлтэй биш, үндэсний бизнесийн байгууллагатай, өөрөөр хэлбэл, үндэсний газрын тосны байгууллагатай хийдэг болгох хууль эрх зүйн зохицуулалт хийх.

Хуралд оролцогчид Газрын тосны олборлолт хамгийн их хэмжээтэй бөгөөд эрчимтай явагдаж байгаа Тамсаг-21-р талбайд хээрийн уулзалт-семинар хийж, цэнхэрлэн долгиолох Буйр нуурын хөвөөнд хэлэлцүүлэг хийж, алдар Халхын гол, Хамар даваа, “Шинэ сум” тасалтэй танилцах аялал хийв.