Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой
binderya@must.edu.mn

Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой.

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль (ГУУС) БНХАУ-ын Үханий  Техноло­гийн их сургуультай хамтран GEOMINE-2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгууллаа.Энэ үеэр уул уурхайн геотехник, уул уурхайн малталт, ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын үйлд­вэрт хэрэглэж байгаа усны чанар, хэрэглээ, өндөр үнэтэй тоног төхөө­рөмжүүдийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар хэлэлцүүлгүүд өрнөлөө.

АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Украин, Буриад, Япон, Австрали, Герман, Франц, Чех, Казахстан, Пакистан зэрэг 14 орны 47 байгууллагын төлөөлөл болох 80 орчим эрдэмтэн, судлаач геологийн шинжлэх ухаан, уул уурхай болон бусад чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, салбарын төлөөлөл багтсан  200 орчим хүн оролцсон аж. Тус хуралд Геошинжлэх ухаан, Уул уурхай, Газрын тос, хий болон бусад сэдвээр салбар хуралдаан болсон.

“Монгол Улсын Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөцийн судалгаа”-г TMK Energy Limited компанийн судлаачид танилцуулж, Өмнөговийн сав газрын нүүрсний давхаргын хийн хайгуул, тэр дундаа, Нарийнсухайтын нүүрсний ордод голлон анхаарчээ. Энэхүү судалгаа нь Монгол Улсын нүүрсний арвин нөөц ба нүүрсний давхаргын метан (НДМ) хийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах боломжийг онцолсон юм. Тус судалгаагаар төслийн талбай болох “Гурвантэс-XXXV” нь Өмнөговийн сав газрын баруун хэсэгт оршдог бөгөөд Пермийн сүүл үеэс Дундад Юрийн галавын үе хүртэлх нүүрсний давхаргатай. Дэлийншанд, Ноён сум, Оргилохбулагийн тогтоц зэрэг нүүрс агуулсан хурдасууд бий. Нарийнсухайтын орд нь   үнсний гарц (3.04%-72.19%), дэгдэмхий бодис (34.73%-55.89%) бүхий нүүрсний гурван бүстэй. Хийн агууламж 5.0-13.2 м³/т хооронд хэлбэлздэг.

Метаны агууламж өндөр (92%-99%), нүүрстөрөгчийн дутуу исэл, ацетилений зарим өөрчлөлттэй. Энэ ордын нүүрс нь гол төлөв витринит (тод нүүрс) бөгөөд витринитийн тусгал нь 0,62%-1,49% хооронд хэлбэлзэж байгаа нь хий үүсгэх хангалттай дулаан боловсорч гүйцээд байгааг харуулж байна. Нүүрсний дээд давхаргууд нь өндөр нэвчилттэй (20-56 миллидарци), доод давхарга нь бага нэвчилттэй (<0.1 мД) байдаг. Нарийнсухайтын нүүрсний ордыг 1.2 их наяд шоо фут (tcf) боломжит нөөцтэй, 5.3 их наяд шоо фут (tcf) нүүрсний давхаргын хийн хэтийн нөөцтэй гэж тооцсон. Ус зайлуулах түвшин 36 сарын хугацаанд өдөрт 4000 баррель (bwpd) байснаас 1,200 баррель хүртэл буурах төлөвтэй байгаа ажээ.

Ерөнхийдөө, энэхүү судалгаа нь Монгол Улсын эрчим хүчний нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, Нарийнсухайтын нүүрсний ордын бүсэд нүүрсний давхаргын хий их хэмжээгээр олборлох боломжтойг харуулж байна.

Хурлын тухай ерөнхий мэдээллийн энд дарж үзнэ үү.