ГУУС-ИЙН УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ТАЙЛАН
2024-03-21
Уурхайн технологийн салбарын 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус салбарын ахисан түвшний оюутнуудад зориулан зохион байгуулагддаг аж үйлдвэрийн гавьяат ажилтан, уурхайн технологийн салбарын профессор Я.Гомбосүрэн багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний ээлжит хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын зорилго нь салбарын өнөөгийн байдал, одоо ба ирээдүйд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын чиг хандлагын талаар ахисан түвшний суралцагчид, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг, үзүүлэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа-инновацийн үр дүнг нийгэм, уул уурхайн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт санал зөвлөмжийг гаргахад оршино. Хуралд аж үйлдвэрийн гавьяат ажилтан, уурхайн технологийн салбарын профессор Я.Гомбосүрэн багш маань шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж, хуралд оролцсон оюутнуудад үнэтэй санал, зөвлөмж, урам зориг өгөн, цаашдын сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Зураг – 1. Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа
Хуралд магистрын түвшний 12 оюутан, докторын түвшин 4 оюутны материал тус тус ирүүлснээс хурлын үйл ажиллагаанд 7 оюутны илтгэлээ танхим болон онлайн хэлбэрээр хэлэлцүүлэгдлээ. Дээрх оюутнууд маань уул уурхайн ашиглалт, уул уурхайн маркшейдер, болон уул уурхайн менежментийн чиглэлээр суралцдаг, чиглэл тус бүрээр судалгааны ажлаа хэлэлцүүлэн санал зөвлөмж авлаа (зураг - 1). Хуралд оролцогсод хурлын удирдамжийн дагуу 10 минутын хугацаанд судалгааны ажлаа танилцуулж, 5-7 минутын хугацаанд асуулт, хариулт, зөвлөмж авах байдлаар үйл ажиллагаа явагдсан. Тус хуралд илтгэл хэлэлцүүлсэн оюутнуудаас түвшин тус бүрд байр эзлүүлсэн бөгөөд 1 болон 2 байранд орсон оюутнуудыг дараагийн шат болох ГУУС-ийн ахисан түвшний ЭШ-ний нэгдсэн хуралд оролцуулахаар хурлын комисс шийдвэр гаргасан. ГУУС-ийн ахисан түвшний ЭШ-ний нэгдсэн хурал нь 2024 оны 3-р сарын 28-ны өдөр Багануур хотод зохион байгуулагдах тус хуралд уурхайн технологийн салбараас дараах нэр бүхий оюутан багш нар албан ёсоор оролцоно. Үүнд:
1. Докторантын түвшинд 1-р байр буюу тэргүүн байр эзэлсэн уурхайн технологийн салбарын докторант О.Тэмүүл “Тэсэлгээний аргаар бал чулуунаас алмаз гарган авах боломжийн технологи” болон 2-р байр буюу дэд тэргүүн байрыг ижил оноогоор 2 докторант эзэлсэн юм. Докторант Н.Нэргүй “Уурхайн хүчиллэг урсцыг боловсруулах технологийн менежмент (Эрдэнэтийн–Овоо ордын зэсийн хүдрийн овоолгын жишээн дээр)” мөн докторант С.Ган-Очир “Улны чулуулгийн тогтворжилтыг ашиглан шороон ордыг далд аргаар ашиглах арга”
2. Магистрантын түвшинд тус салбарын магистр оюутан А.Сайнбилэг “Нүүрсний ил уурхайн нөөц авалтыг сайжруулан ашиглах боломжийн судалгаа”- сэдвээр 1-р байр. 3-р байранд Б.Баярсайхан “Ухаа худгийн нүүрсний уурхайн тэсэлгээний ажлын оновчлол” (зураг - 2)
3. Багш нараас: УТС-ийн салбарын эрхлэгч Г.Уранбайгаль, профессор Б.Чинзориг, дэд профессор Ц.Ариунжаргал нар оролцох бөгөөд дээрх нэр бүхий оюутнууд хурлын дараагийн шатанд оролцоно.
Зураг – 2. Шагналт байранд шалгарсан оюутнууд профессор Я.Гомбосүрэн багшийн хамт
Хурлаас түвшин тус бүрд 1, 2, 3 байр эзэлсэн дараах магистр, докторын (хүснэгт - 1) нэр бүхий оюутнуудыг ГУУС-ийн нэгдсэн магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний хуралд техник-технологийн чиглэлээр түвшинд тус бүрд оролцуулъя гэсэн шийдвэрийг комиссын гишүүд гаргалаа.
Энэ удаагийн хурлын онцлог нь УТС-ын хэмжээнд суралцаж буй доктор оюутнууд маш идэвхтэй оролцож өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүлэн, шинэлэг мэдээлэл, шинжлэх ухааны ололт, амжилтын талаар дурдагдсан өгөөжтэй хурал болсон байна. Хуралд байр эзэлсэн оюутнуудыг профессор Я.Гомбосүрэн багш болон салбарын профессор Б.Чинзориг багш нар маань өөрсдийн бичсэн ном, сурах бичгийг өргөмжлөлийн хамтаар, оюутан тус бүрд, тэд нарын судалгааны ажилд анхаарах зүйлс, санал зөвлөмж, чиглэл, урмын үг зэргийг хэлсэн юм. Тус ЭШХ-д ирүүлсэн судалгааны ажлын өгүүллүүд хурлын редакцын зөвлөлөөр хянагдан, 2023-2024 оны хичээлийн жилийн намар, болон хаврын улиралд зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлын өгүүллүүдийг нэгтгэн ГУУС-ийн вэб-д онлайн хэлбэрээр байршина.
ГУУС, УТС