Эрдэнэт үйлдвэрийн 1000 гаруй ажилтан, уурхайчид 3548 ширхэг бургас мод Хангалын гол дагуу тарилаа
t_bindee@yahoo.com

Эрдэнэт үйлдвэрийн 1000 гаруй ажилтан, уурхайчид 3548 ширхэг бургас мод Хангалын гол дагуу тарилаа

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хамт олон бүх нийтийн “Мод тарих үндэсний өдөр”-ийн  хаврын тарилтаа Хангал гол дагуух талбайгаас эхлэв. Тус үйлдвэрийн 33 бүтцийн 1000 гаруй ажилтан,  уурхайчид, 3548 ширхэг бургас мод энд тариалсан байна.

Хоёр сумын нутаг дэвсгэрт дамнаж,  40 гаруй км урт үргэлжилдэг Хангал гол дагуух зурвас газрыг ойжуулах, бургасан шугуй бий болгох зорилтыг Эрдэнэт үйлдвэр дэвшүүлэн, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийт 700 га талбайд 1.8 сая ширхэг бургас мод тарих юм. Үүний  53.3 га талбайд нь 2.8 сая бургасны мөчрийг үржүүлэх аргаар тарих бөгөөд  талбайн хөрс боловсруулалт хийгдэж, мөчир тарилт эхлэхэд бэлэн болжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "Эрдэнэт үйлдвэр" түүчээлж, тус хөдөлгөөн эхэлснээс хойшхи хугацаанд 3.5 сая мод тариад байна. Энэ жил дахин 3.5 сая мод тарихаар төлөвлөсөн байна. "Бид мод тарих ажлаа бэлтгэх, идэвхжүүлэх, эрчимжүүлэх гэсэн гурван үе шаттай, шинжлэх ухаанчаар зохион байгуулж, мод тарих соёлд бүгдээрээ суралцаж байгаа" гэдгийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Г.Ёндон энэ үеэр онцолж, нийт уурхайчид болон иргэн хүн бүрт мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалжээ.

Өнгөрсөн жил "Эрдэнэт үйлдвэр"-ийнхэн Хангал гол дагуу 3600 ширхэг бургас тарьсан байна. Мөн тус үйлдвэрийн дэргэдэх Ногоон хөгжил төслийн нэгжийн мэргэжилтнүүд өөрсдөө бургасны үрийн үржүүлгээ хийж, Хангалын голын нэг хэсэг нь болох 7 га талбайд 500 орчим бургасыг үржүүлж, ургуулж байгаа аж. Тэдгээр 1 настай суулгацыг тарихаар, ойжуулалтад бэлтгэж буйгаа Мод үржүүлэг хариуцсан ойн инженер Э.Очирсүрэн ярилаа.

Өмнөх жилүүдэд тарьсан 34.6 га талбай дахь 3.5 сая ширхэг модны арчилгаа усалгааг тасралтгүй хийж, үргэлжлүүлж байна. Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах зорилтын хүрээнд энэ жил Хаягдлын аж ахуйн 10 га талбайд  15 мянган ширхэг мод нэмж тарихаар төлөвлөжээ.