Балканы хойгт...
ganbii

           Саяхан зүүн-өмнөд Европын томоохонд тооцогдох Болгарын Иван Рильскийн нэрэмжит Уурхай, геологийн их сургууль дээр зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэх болон Монгол-Болгарын боловсрол, шинжлэх ухааны, түүний дотор ШУТИС болон дээрхи сургуулийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээний дагуу уурхай-геологийн мэргэжилтэн бэлтгэх, судалгааны ажил явуулах чиглэлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хөтөлбөрийн дагуу ШУТИС-ийн ГУУС-ын Газрын тос, өрөмдлөгийн тэнхмийн эрхлэгч, доктор, профессор, зөвлөх инженер Л.Төвхөө, Зөвлөх профессор, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг, Австралийн Өрмийн Холбоо, Монголын Инженерийн ухааны Академийн гишүүн, Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо болон Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, доктор, профессор, Зөвлөх инженер Ж.Цэвээнжав нар өөрсдийн шавь нар, мэргэжил нэгт хүмүүсийн хамт  оролцоод ирэв.

       Профессор Ж.Цэвээнжав, профессор Л.Төвхөө нар  Монгол орны ашигт орд объектуудын өрөмдлөгийн нөхцлийн судалгаа, үнэлгээ, төрөлжүүлэлт, өрөмдлөгийн технологийн түвшний үнэлгээний арга зүйн талаар “Өрөмдлөгийн технологи-менежментийн онол-арга зүйн асуудлууд” сэдэвт илтгэлийг биечлэн тавьж, хэлэлцүүлж, хэвлүүлэв (University of Mining & Geology.Annual part-I, Geology and Geophysics.P196-205, 117-123, 247-249).

            Тус сургууль дээр зохиогдсон олон улсын нэр хүндтэй, өндөр түвшний энэ арга хэмжээнд Болгарын Боловсролын, Эрчим хүчний сайд нар, Парламентийн зарим гишүүд, Болгарын Уурхайн ба Геологийн танхимын дарга, удирдлагууд,  манай улсаас Болгар улсад суугаа Элчин сайд болон ШУТИС, Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо, Эрдэнэтийн уулын үйлдвэр, Геологи-уурхайн “Монзол”, “Дун-эрдэнэ”, өрөмдлөгийн “Нэмнэ овоо”, “Бүрхаш”  ХХК зэрэг байгууллагуудын эрдэмтэд мэргэжилтнүүд, захирал удирдлагууд, Германы Фрайбергийн Уул уурхайн Академи, Судан,Румын, Польш зэрэг гадаадын олон их дээд сургууль, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл-бизнесийн байгууллагын, мэдээж Болгар улсын өөрийнх нь Иван Рильскийн нэрэмжит Уурхай-геологийн болон бусад их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний болон “Минстрой холдинг”, “Болгар-газ-транс”, “Геотехмин”, “Балкан минерал энд майнинг” зэрэг үйлдвэрлэл-бизнесийн байгууллагын төлөөлөл оролцов. Энэ хурлын нээлт, ерөнхий хуралдааны үеэр Монгол улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд, энэ сургуулийн төгсөгч, шинжлэх ухааны доктор, ШУТИС-ийн профессор Л.Дүгэржавт Болгарын Иван Рильскийн нэрэмжит Уурхай-Геологийн их сургуулийн “Хүндэт доктор” цол өргөмжлөх үйл ажиллагаа явагдав. Болгар-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Антрактид судлалын хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах, 2 орны шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар гаргасан идэвх чармайлт, үр дүнтэй үйл ажиллагааг нь үнэлэн уг сургуулийг Өрөмдлөг, газрын тосны инженерийн мэргэжлээр дүүргэсэн, эдүүгээ шинжлэх ухааны доктор, профессор, Элчин сайд Л.Дүгэржавт энэхүү нэр хүндтэй цолыг хүртээсэн байна.

Манай ШУТИС-ийн, манай ГУУС-ын, манай тэнхмийн багш, шинжлэх ухааны доктор Л.Дүгэржав Болгар түмэнтэй эх орон ард түмнээ холбон, элчин сайдын яамыг тохижуулж, монголын залуучуудыг Европт, түүний дотор, Балканы орнуудад суралцуулах, Болгарыг түшиглэн Антрактидын аялалд эх орон нэгтнүүдээ оролцуулах, улмаар эх дэлхийн 6 дахь тив дээр эх орон Монголын эзэмшлийн газар нутгийг бий болгох ихээхэн анхаарал чармайлт тавин ажиллаж байгаа юм байна.

           Эрдэс баялгийн салбарт эртний уламжлалт харилцаатай Болгар орон, түүний их дээд сургуулиуд, эрдэмтэд мэргэжилтнүүдтэй цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хэрэгтэй байна.

 Болгарын Иван Рильскийн нэрэмжит Уурхай, геологийн их сургууль дээр болсон олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн 58-р хуралд оролцогчид...

Энэ хурлын үеэр ШУТИС-ийн профессор, ш/у-ны доктор, Элчин сайд Л.Дүгэржавт дээрхи сургуулийн  Хүндэт доктор цол өргөмжлөв

Монгол улсаас Болгар улсад суугаа Элчин сайд, ШУТИС-ийн профессор, ш/у-ны доктор, Болгарын Иван Рильскийн нэрэмжит Уурхай, геологийн их сургуулийн Хүндэт доктор Л.Дүгэржав талархлын үг хэлэв.

ШУТИС-ийн профессор Ж.Цэвээнжав бүгд хуралдаанд үг хэлэв

Профессор Ж.Цэвээнжав, профессор Л.Төвхөө, Элчин сайд, профессор Л.Дүгэржав нар эх орон, сургууль, хамт олноо төлөөлж бэлгийн зүйлийг тус сургуулийн ректорт гардуулан өгөв.