“Судалгааны өгүүлэл бичих аргачлал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
ganbii

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний албанаас санаачилан Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Монголын их, дээд сургуулиудын залуу судлаач, профессорууд, ахисан түвшинд суралцаж буй оюутнуудад эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг олон улсын сэтгүүлд хэрхэн бичиж, хэвлүүлэх заавар, аргачлалыг өгөх сургалтыг 12 дугаар сарын 01-нээс 03-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад ШУТИС-иас 32 багш судлаач, бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас 40 хүнийг хамруулан оролцуулсан байна.

Сургалтын арга хэмжээг нээж ШУТИС-ийн Ректор др. Б.Очирбат хэлэхдээ “Шинжлэх ухааны судалгааны ёс зүйн суурь соёл төлөвшүүлэх шаардлага дээд боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагын өмнө тулгамдаж буй асуудал ба энэхүү сургалтын үйл ажиллагаа цаг үеэ олсон арга хэмжээ болж байгааг” онцлон тэмдэглэсэн юм. Мөн Америкийн Монгол судлалын төвийн захирал Марк Тассе: Манай төв др.Анн Алтманы“Судалгааны өгүүлэл бичих аргачлал” гарын авлагыг монгол хэлнээ орчуулагдан гарсныг санхүүжүүлэн Монголын их дээд сургуулиудын багш, судлаачдад хүргэнэ” гэж нээлтийн үеэр мэдэгдсэн байна. 

  

Тус сургалт нь 1) Судлаачийн үүрэг хариуцлага - Ёс зүй, судалгааг хэрхэн удирдаж явуулах 2) Судалгааны өгүүлэл бичих аргачлал” eрөнхий танилцуулга, анхаарах зүйлс 3) Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл бичих аргачлал гэсэн гурван хэсгээс бүрдсэн юм. Сургалтад оролцогчид судалгааны өгүүллийг олон улсын стандартын дагуу өгүүлэл хэрхэн бичих, олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэрхэн хэвлүүлэх талаар ерөнхий аргачлалтай болсон ба хамрагдсан нийт оролцогчдод сертификат олгосон байна.

Сургалтын арга хэмжээг дүгнэж Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор др. Ч.Баасандаш: Цаашид эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцийн зөвлөл, мэргэжлийн нийгэмлэгийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, чанартай бүтээл хэвлэх, эшлэлийн олон улсын стандартыг мөрдөх, судлаачийн ёс зүйн баримт бичгийн боловсруулан мөрдөх талаар санаачлагатай ажиллаж, цахим эрдэм шинжилгээний сэтгүүлийн хөтөлбөртэй болох шаардлага тулгамдаж байгааг дурьдаад ийм төрлийн үйл ажиллагааг тогтмолжуулан ажиллахаа илэрхийлэв.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА