“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх тэтгэлэг гардуулах ёслолыг нээж хэлэхдээ “Монголын тэргүүний оюутнуудын сурлага, хөдөлмөрийг үнэлэх, ирээдүйн амжилтанд нь хувь нэмрээ оруулах бололцоо олдсонд туйлын баяртай байна гээд оюутнууд та бүхэн өөрийн үеийнхэндээ үлгэр дуурайл болж, бусдыгаа хошуучлан Монгол орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.
Дотоодын тэтгэлэгийг ШУТИС-ийн оюутан 16, МУИС-ийн оюутан 9, Дарханы Технологийн сургуулийн 3 оюутан, ЭМШУҮИС-ийн оюутан 2, ХААИС-ийн 1 оюутан нийт 31 оюутан тэтгэлэгт хамрагдсан байна.
Оюу толгой” ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголд хэрэгжүүлж байгаа тэтгэлгүүд дундаас хамгийн том, хамгийн нэр хүндтэй нь юм. Үүнд сургалтын төлбөр 100%, сар бүрийн 200,000 төгрөгийн стипенд, дотуур байрны төлбөр, Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж, “Оюу толгой компани”-д дадлага хийх боломжийг олгодогоороо онцлогтой юм.
Гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй 20 оюутан өрсөлдсөнөөс тэтгэлгийн болзлыг дөрвөн оюутан хангажээ. Тэд 2016 оны 8 дугаар сараас уул уурхай, хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр суралцах юм.
ШУТИС-ийн ректор Б.Очирбат хэлсэн үгэндээ ““Оюу толгой”ХХК нь бизнесийн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн хөгжилд чиглэсэн, тухайлбал боловсролын салбарын хөгжлийг дэмжин, хөрөнгө оруулж, олон чухал үйл ажиллагааг явуулж ирсэнд бид үргэлж талархаж байдаг юм. Энэ олон талт үйл ажиллагааны нэг нь өнөөдрийн оюутан суралцагчдад олгож буй тэтгэлэгт хөтөлбөр юм” гэв.
“Оюу толгой” ХХК дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн 5 жилийн хугацаандаа нийт 210 оюутанд дотоодын тэтгэлэг олгосноос 150 нь, 30 оюутанд гадаадын тэтгэлэг олгосноос 15 нь манай ШУТИС-ийн оюутнууд байгаа юм.
Үүнийг суралцаж буй мэргэжлийн нь хувьд авч үзвэл Уул уурхайн мэргэжлийн 50 оюутан, Баяжуулалтын технологи мэргэжлийн 23 оюутан, Барилгын инженерийн мэргэжлийн 43 оюутан зохих болзлыг хангаж энэ мэргэжлүүдээс хамгийн олон оюутан тус тэтгэлэгийг авсан байна. Өөрөөр хэлбэл, ШУТИС-ийн ГУУС-иас хамгийн олон оюутан тус тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн байна.
Оюу толгойн тэтгэлэг авч, ШУТИС-ийг төгссөн оюутнуудаас 13 нь эдүгээ “Оюу толгой” ХХК-ийн ажилтнууд болсон байна.
Манай сургуулийн оюутнууд энэ тэтгэлэгт хамрагдахын тулд бүтэн жилийн өмнөөс эхлэн бэлтгэж, 2-3 жил өрсөлдөж байж тэнцэж байгаа нь уг тэтгэлгийн нэр хүнд оюутнуудын дунд хэр өндөр байгааг харуулж байгаа нэг илэрхийлэл юм.
Энэхүү тэтгэлэг нь оюутан суралцагчид та бүхний сурах боломж нөхцлийг бүрдүүлж өгөх санхүүгийн нэлээд бодит дэмжлэг болохын сацуу, өөрийн сонгосон мэргэжлээрээ амжилттай сайн суралцаж, сургуулиа төгссөн аль хэрэгцээт газар сайн ажиллах өндөр итгэл хүлээлгэж байгаа хэрэг гэдгийг ямагт санаж хичээл сурлагадаа хариуцлагатай байхыг та бүхэндээ зөвлөж хэллээ.
Оюу толгой компанийн нэрэмжит энэхүү өндөр нэр хүнд бүхий тэтгэлэг хүртэж буй нийт оюутнууддаа дахин халуун баяр хүргэж, өндрөөс өндөр амжилт хүслээ.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА